АЖЛАА ХИЙЖ ЯВААД ХОХИРСОН АВРАГЧИЙГ ЭМЧЛЭХЭД 200 САЯ ШААРДЛАГАТАЙ

gal_ontsgoi__9_.jpg

Бусдын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэх тангарагтай, эгэл хүмүүсийн нэг бол Э.Үнэнбат бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй юм. Тэрбээр Булган аймгийн Сэлэнгэ суманд энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар үүргээ гүйцэтгэж байхдаа “хүнд” түлэгджээ. Тухайн үед түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, одоо биеийн байдал нь хүнд байгаа ажээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮЛ МЭНДИЙН, ЭРСДЭЛИЙН, АМЬ НАСНЫ ДААТГАЛ БАЙДАГГҮЙГ Э.ҮНЭНБАТЫН ЭХНЭР А.МӨНГӨНЦЭЦЭГ ЯРЬЖ БАЙНА. ТЭРБЭЭР НӨХРИЙН ЭМЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГ ХҮСЧ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДСАН АЖ. ХАРИН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЗГХЭГ-ЫН ДАРГАД Л.ОЮУН-ЭРДЭНЭД, ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИНД, ХОЛБОГДОХ АЛБАНЫХАНД ШИЛЖҮҮЛСЭН ХЭМЭЭН ДОЛООДУГААР САРЫН НЭГНЭЭС ХОЙШ “СУДАЛСААР” БАЙГАА ГЭСЭН ХАРИУГ ӨГЧЭЭ.

Э.Үнэнбат арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон боловч хоёр гар нь ямар ч ажиллагаагүй байгааг эхнэр нь хэллээ. Нөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан юм байна. БНСУ-ын эмнэлэг Э.Үнэнбатыг эмчлэх боломжтой гэсэн хариу өгч, 2019 оны долдугаар сарын 30-нд Солонгос эмч нар өөрсдөө ирж, авч явахаар ярилцсан байна. Харин түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс Э.Үнэнбатын эхнэр А.Мөнгөнцэцэг ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байгаа билээ. Ингээд бид өнгөрөгч Баасан гаригт Э.Үнэнбаттай уулзахаар зорьж эхнэр лүү нь утас цохисон юм. Гэвч Э.Үнэнбатын биеийн байдал тухайн үед хүндрэлтэй байсан тул түүний эхнэр А.Мөнгөнцэцэгтэй болсон явдлын талаар ярилцлаа.

ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ҮЛДЭХ ҮҮ, ЦААШИД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ҮҮ ГЭДЭГ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

-Таны нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн золгүй явдал болсон юм байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай нөхөр 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ирсэн тушаалаа биелүүлэхээр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймэрт яваад түлэгдээд ирсэн. Тухайн үед түймэрт түлэгдсэний дараа Эрдэнэтийн эмнэлэгт нэг хоноод Улаанбаатар хотын ГССҮТ-ийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ хийлгэж, яаралтай хагалгаанд орсон. Одоогоор хоёр гар нь ямар ч ажиллагаагүй болж өрөөл татанхай үлдэх үү, цаашид эмчилгээ хийлгэх үү гэдэг асуудал яригдаж байна.

-Эмчилгээний зардалд нийт хэчнээн төгрөг шаардлагатай байна вэ. БНСУ-д эмчлүүлэх боломжтой гэв үү?

-Эмчилгээ хийлгэх боломж гарч ирээд байна. Олон эмнэлэг рүү хандсан боловч АНУ, Япон руу хандахад өртөг өндөртэй, БНХАУ –руу хандахад хагалгаа хийгээгүй тохиолдолд шууд эмчлэх боломжтой гэсэн хариуг хэлсэн. Ингээд БНСУ-ын гурван эмнэлэг рүү хандахад хоёр эмнэлэг татгалзсан хариу өгсөн. Одоо нэг эмнэлэг дээр тогтсон. Тэр эмнэлэг нь хугацаа алдалгүй эмчилгээ хийлгэх хэрэгтэй, хэрвээ тэгж чадахгүй бол хоёр гаргүй болно гэж хэлсэн.

-Таны зүгээс нөхрийн эмчилгээнд дэмжлэг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Онцгой байдлын хуульд тухайн алба хаагчийн эмчилгээний зардлын талаарх хууль байдаггүй юм байна. Ингээд аргаа барьж яваад Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөдөл өгсөн. Нэлээн олон өдөр явж, хүүхдтэйгээ ордонд өнжих шахуу болж байж өргөдлөө өгсөн. Гэтэл долдугаар сарын нэгнээс хойш өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

-Тухайн үед нөхрийн тань түлэгдэлтийн зэрэг нь хэр хүнд байсан юм бол. Одоо биеийн байдал нь ямархуу байгаа юм бол?

-Онцгой байдлын алба тэр чигээрээ эрсдэл байдаг юм байна. Тухайн үед түлэгдлийн зэрэг нь хамгийн гүн зэрэгтэй байсан. Арьс нөхөх хагалгаанд орсон. Одоо нүүр нуруу, хонго, хоёр гарын хуруунууд түлэгдсэн байснаас хоёр гар нь хүндрэлтэй байна.

-Та нөхөртэйгээ хэдэн жил ханилж байна вэ. Онцгой байдлын алба хаагчид халуунд халж, хүйтэнд хөрдөг улс шүү дээ.

-Би ханьтайгаа гэр бүл болоод 19 дэх жилдээ болж байна. Дөрвөн хүүхдийн ээж аав болсон амьдарч байна. Манай хүн баяр ёслолоор олддоггүй байнга л завгүй ажилласаар ирсэн. Тэр байдалтай нь би ч бас уусан зохицоод, хэвшмэл болгоод сурчихсан байсан юм байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй группд байдаг. Одоо манай бага есөн сартай, манай нөхрийн биеийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед бүх ачааллыг ганцаараа үүрээд явахад надад маш хэцүү байна. Нэг тийшээ хараад уйлах юм нөгөө тийшээ хараад юу ч болоогүй юм шиг явж байгаа. Эсэн мэнд хүрээд ирсэн хүнийг чадах ядхаараа хоёр гарыг нь аварчих юм сан гэж бодож сууна даа.

ХҮНИЙ ГАР ХАРАХ ХЭЦҮҮХЭН БАЙДАГ ЮМ БАЙНА

Биднийг ярилцах зуур Э.Үнэнбатын биеийн байдал дээрдсэнийг дуулгаж, хэсэг хором ярилцах боломж олдлоо. Э.Үнэнбат, одоогоор эмчилгээ хийлгэхээр эхнэр хоёр хүүхдийн хамтаар хотод хамаатны айлдаа ирсэн нь энэ юм. Үүдээр ороход хоёр гар нь боолттой, хөдөлгөөнгүй суух Э.Үнэнбат болоод түүний хоёр хүүхэд тоглон наадаж буй дүр зураг үзэгдэнэ.  Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Тухайн өдөр юу танд юу тохиолдсон юм бол?

-Би Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газар гэж байхаас нь 1998 онд ажилд орсон. Тухайн өдөр өглөө ээлжнээс буугаад байж байтал дахин дуудагдаад Булганы Сэлэнгэ сумын ой хээрийн түймэрт явсан. Тэнд салхи ихтэй байсан. Бид Эрдэнэтээс 25–уулаа гарч ууланд очоод хоёр хуваагдсан. Тэгэхэд уулын орой дээр салхи нэг хэсэг тогтуун байхаар нь түймэрийг цурманд оруулчих санаатай орсон чинь гэнэт салхилаад яав гэхийн түлэгдсэн дээ. Тэр хэсэг хугацаанд юу болсныг заримыг нь сайн санахгүй байна. Миний хувьд “улаан” галаас хүн гаргаж байгаагүй. Гэхдээ обьектийн дуудлагад жилдээ 11-13 удаа явдаг. Хамгийн дээд тал нь 27 удаа түймэрт явж үзсэн.

-Алба хаагчдын ажлын нөхцөл хангамж ямар байдаг вэ?

-Обьектийн түймэрт бид нарт цаанаас нь өгдөг “байлдааны” хувцас байдаг. Түүнийг хэрэглэдэг. Ой хээрийн түймэрт яг тэрийг өмс гэсэн тогтсон хувцас байдаггүй. Бид нар өөрсдийн мөнгөөр оёулж хийлгэсэн хувцсаа өмсдөг. Одоо бид нар хагас нилонтой даалимба өмсөн ой хээрийн түймэрт явдаг.

-Одоо таны биеийн байдал ямархуу байна вэ?

-Хоёр гаранд өвдөлт их байна. Арьс нь таталдаад хөдөлгөөн хийхэд хэцүү байна. Би өөрөө гарын уртай учраас заримдаа гэртээ юм хийчихмээр санагддаг юм. Тэгээд гэр орондоо юм хийх гэхээр хийж чадахгүй болохоор хүнд байна даа. Үүнээс гадна гэртээ өөрөө цайгаа аягалаад уучихмаар санагддаг. Хүний гар харах хэцүүхэн байдаг юм байна.

-Түлэгдсэнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд таны эмчилгээний зардалд хэчнээн төгрөг юм бол?

-Нарийн тооцож үзээгүй, эмнэлэгт байх хугацаанд нийтдээ 20 сая төгрөг орсон.

-Алба хаагчдыг бэртэж гэмтлээ гэхэд Онцгойгоос хандив мөнгөн туслалцаа үзүүлэх үү?

-Уг нь даатгалд даатгуулсан гэж бид нарт хэлдэг. Гэтэл сая би өөр дээрээ үзлээ. Даатгал, эмийн нөхөн олговор, гэнэтийн ослын мөнгө гэж байдаггүй юм байна. Листны чинь мөнгийг олгоно гэж даатгалын газраас эхэлсэн. Үүнээс гадна алба хаагчдын дунд хандивын аян өрнүүлье гэж дарга нар яриад байгаа боловч би түүнийг хувьдаа эсэргүүцэж байна. Яагаад гэвэл нэг алба хаагчийн ар гэрт гачигдал боллоо гэхэд би өөрөө цалингийнхаа сарын сүүлийн мөнгийг зээлд өгчихдөг. Урьдчилгаа цалин болох 200 гаруй мянган төгрөгийг гэр орондоо зарцуулахаар яагаад ч хүрдэггүй. Тийм болохоор алба хаагчдын дунд хандивын аян өрнүүлэхэд мөнгөгүй бид нар хүнээс зээлж өгдөг. Онцгойгийн 5000 ажилчид надад хандив өгөхийн тулд хүүхдэдээ өгөх талхныхаа мөнгөнөөс өгөх байх даа гэж боддог. Тийм учраас миний эмчилгээний зардалд алба хаагчдаас хандив битгий цуглуулаасай гэж хүсч байна.

Онцгой байдлын албанд 5000 албан хаагч ажилладаг. Тэдэнд эрүүл мэндийн эрсдэлийн даатгал гэж байдаггүй бөгөөд  амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн 30 сая төгрөгийн тэтгэмж олгодог хууль дүрмийн зохицуулалттай юм байна. Харин Э.Үнэнбатыг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай.  Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч буй нь энэ юм.

Энхбатын Үнэнбат Хаанбанк 5094504536

scroll to top