Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Томуу, томуу төст өвчин, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллах, үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хуралдлаа.
Хурлаар томуу, томуу төст өвчний тархалт, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр зохион байгуулагдсан ажлын явц, үр дүнгийн талаар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Б.Нарангэрэл, Эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга Д.Өлзийсайхан, Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч хошууч Б.Түвшинбаяр нар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүүргийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Б.Сүхбаатар үүрэг чиглэл өглөө.

Мөн дүүргийн Онцгой комиссоос томилогдсон Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Эрүүл мэндийн төвийн дарга холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан эм, ариутгах хэрэгслийн нөөц, шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх болон сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хариу арга хэмжээ авах ажлын талаар бэлэн байдлыг газар дээр нь шалгаж тодорхой үүрэг чиглэл өгч ажиллалаа гэж дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл ирүүлсэн байна.






