Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Увс, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн зарим газраар дуу цахилгаантай, усархаг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар 26-31 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 27,28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 18:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 18:57 цагт очиж, иргэн Б-гийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хүн унах гэж байна гэсэн дуудлагын 07.25-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 16:09 цагт очиж, “Томо буйлдинг” ХХК-ийн шинээр барьж буй 7 давхар барилгын 6 дугаар давхраас тус байгууллагын гэрээт ажилтан Ч (37 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Хүннү 2222” хотхоны байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.25-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж, тус байрны 19 давхар байрны дээвэр дээрээс иргэн М (нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, 18 настай, эрэгтэй) амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Усны осол /эрэн хайх, аврах/Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн, 5 автомашин, 2 завьтайгаар 07.25-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Ногоон булаг”, “Баян-Эрхэт” гэдэг газар болон Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан”, “Ялаатын-Ам”, “Тээлийн-Ам” гэдэг газар хүртэл нийт 160 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:47 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газраас (осолдсон газраас зүүн урд зүгт 160 км-т) “Сэлэнгэ” мөрөний салаанаас иргэн М (21 настай, эрэгтэй)-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Ерөө” голын “Дунд гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ү-гийн жолоодож явсан “ЗИЛ-131” загварын ачааны автомашин “Ерөө” голын усанд суусан / “Хонин нуга” гэдэг газраас мод бэлтгэн Мандал сум руу тээвэрлэж явсан, 3 зорчигчтой/ тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 01:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, орон нутгийн 1 иргэн, 1 автомашинтай 90 км замыг туулан 09:00 цагт очиж, тус сумын харьяат иргэн Ү (53 настай, эрэгтэй), иргэн Э (43 настай, эрэгтэй), иргэн М (3 настай, эрэгтэй) нарыг “Ерөө” голын уснаас эсэн мэнд гаргасан. /Автомашиныг татан гаргах боломжгүй байна./

4.Мэдээлэл:

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бор үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ 07.25-ны өдрийн 18:00 цагт орсон түр зуурын усархаг бороо орсны улмаас 3 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, нийт 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, тус сумын харьяат Н, Н, Д нарын 8 ханатай 3 гэр, 6 ханатай 1 гэрийг эд хогшлын хамт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багийн “Ширгүү” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 42 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 196 км-т/ малчин Д-гийнх гэр бүлээрээ “Даншиг” наадам үзэхээр аймгийн төв рүү явсан үед 07.25-ны өдрийн 13:00 цагт орсон түр зуурын усархаг борооны улмаас 5 ханатай гэр, эд хогшил нь үерийн усанд урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Саранцэцэг аймгийн Онцгой байдлын газарт 07.26-ны өдрийн 00:44 цагт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top