Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

viber_image_2021-09-14_16-13-07-095.jpg

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн /ДУАШЗ/ өнөөдөр (2021.09.14) боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд наймдугаар сарын 31-ний өдрийн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонссон бол хэрэгжилт нь ямар шатандаа яваа талаарх цаг үеийн мэдээллийг ажил хариуцсан хэлтсийн дарга нар дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.     

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг авто засвар болон угаалгын газруудад хяналт шалгалт хийнэ

Өнгөрсөн сарын 31-ний өдрийн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр БГД-ийн 1, 3, 4 дүгээр хороо буюу Барс захын ар тал болон 14 хороонд баригдаж буй Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Барс захын арын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсийг бүрэн эрүүлжүүлж, зүлгийг нь тарьж дуусжээ. Харин аравдугаар сарын 05-аас мод тарих бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Харин 14 дүгээр хороонд хийгдэх цэцэрлэгт хүрээлэнгийн ажил хараахан эхлээгүй, он дамжин хийгдэх аж. Мөн 18 дугаар хорооны нутаг “Алтантөгрөг” дэлгүүрийн орчимд 124 метр квадрат талбайд “Өглөөний гудамж” байгуулах саналаа нийслэл рүү хүргүүлсэн бөгөөд зөвшөөрөл нь ирвэл энэ ажлыг эхлүүлэх юм. Түүнчлэн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг авто угаалга, авто засварын газруудад хяналт шалгалт хийх үүрэг даалгаврын хүрээнд 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж дуусжээ. Энэ долоо хоногт бусад хороодод дээрх шалгалтын ажил үргэлжилнэ. Мөн “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ-ын ажлыг сайжруулах ажлын хэсэг маргааш/2021.09.15/ тус газарт ажиллахаар болсон байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулж байгаа бүх нийтийн их цэвэрлэгээнд  аж ахуй нэгжүүд  62 хувийн ирцтэй оролцож байгаа гэдгийг онцолсон юм.

БГД-ийн гэр хорооллын найман хорооны 32 байршилд сайжруулсан түлш борлуулна 

Нийслэл болон дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил төлөвлөгдсөн хугацаанд хийгдэж байна. Тухайлбал, энэ ажлын хүрээнд галлагаа эхлэхээс өмнө айлуудын янданг хөөлөх, угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг хүргэж ажиллах, сайжруулсан түлш худалдаалах цэгүүдийг байршлуудыг тодорхой болгох үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл энэ ажлын хүрээнд найман хорооны 32 байршилд сайжруулсан түлш борлуулахаар төлөвлөжээ. Мөн айлуудын яндан хөөлөх ажлыг есдүгээр сарын 15-аас аравдугаар сарын 15-ны хороонд зохион байгуулах аж. Мөн халаалтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор дүүргийн ЗДТГ-ын Аж ахуйн албанаас дүүргийн бүх хорооны байранд очиж засвар үйлчилгээг хийн бэлтгэл ажлыг хангаад байна.  

 Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа дуусна 

Өнөөдрийн ДУАШЗ-ний үеэр дүүргийн Засаг дарга хэд хэдэн зүйлийг онцолсон. Тодруулбал, 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. Үүнтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлууд сайн хийгдсэн. Үүнд хорооны Засаг дарга нар болон Газар зохион байгуулалтын албаныхан хамтран сайн ажилласан. Ихэнх бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаанд хийгдэж дуусна гэдгийг онцолсон. Харин БХБЯ-аас зарласан он дамжин хийгдэх байрны дулаалга, фасадны ажил дээр бага зэрэг хүлээлт үүсгээд байгаа ч зарим ажил нь эхэлсэн. Гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн хувьд өөрсдийн нөөц боломж, материалдаа тулгуурлан тооцооллоо гаргаад байриа сонгож дулаалгын ажлаа эхлүүлнэ гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ дүүрэг болон хорооны зүгээс энэ байранд яаралтай дулаалга хийх шаардлагатай байна гэсэн саналуудаа хүргүүлэх болно гэв.

Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь нэмэгджээ

Корона вирусийн альфа хувилбар өнгөрсөн зургадугаар сард маш их дэгдсэн. Тэгвэл энэ намар дэгдэх дельта хувилбар нь өнгөрсөн хаврын тархалтыг давах тооцоололтой байна гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга онцолсон. Мөн эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Хүн хүчний нөөц дутагдалтай. Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дүүргийн Онцгой комист саналаа хүргүүлсэн. Сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах дэгдэлт их байна. Дүүргийн хэмжээнд ковид-19 цар тахлын улмаас бүхэлд нь хаасан сургууль, цэцэрлэг байхгүй. Харин сургууль, цэцэрлэгийн зарим ангийг хэсэгчилсэн байдлаар хаасан тохиолдол бий гэсэн юм.  

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тэрбээр

  • Хорооны Засаг дарга нар 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын саналуудаа эрэмбэлэн дүүргийн холбогдох газар хэлтсүүд ирүүлэх. Холбогдох газар хэлтсүүд аравдугаар сарын 1 гэхэд дүүргийн нутаг дэвсгэрт ирэх онд хийх тохижилтын ажлын судалгааг нарийвчлан гаргах. Зураг төсвийг батлуулахад анхаарах.
  • Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс болон Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийнхэн ирэх долоо хоногт хуралдах ДУАШЗ-ний хурлаар дүүргийн хэмжээнд хийх гэрэлтүүлэг, явган хүний замын ажлын төлөвлөгөө, судалгааг гаргаж танилцуулах.
  • Өвлийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийг өвлийн цагийн хуваарьт шилжүүлэх.
  • Дүүргийн Боловсролын хэлтэс бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж ковид-19-тэй холбоотой хийж буй “Нууцлалын гэрээ”-г байгуулах ажлыг яаралтай зохион байгуулах.
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс товлолт болон товлолт бус /ковид-19 эсрэг/ дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах. Ковид-19-ын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэдэд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээллийг иргэдэд хүргэж ажиллах.
  • Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс бэлдсэн эмийн багцыг зорилтод өрх болон иргэдэд хүргэж ажиллахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.
scroll to top