Шахмал түлш хэрэглэгчдийн анзаардаггүй, анхаарах ёстой ТАВАН үйлдэл

5ntolgoitulsh_tulsh_nuurs_saijruulsantulsh_-14-135300-10805214431.jpeg
Шахмал түлш хэрэглэгчдийн анзаардаггүй, анхаарах ёстой ТАВАН үйлдэл

Улаанбаатар хотын гэр хороололд 200 гаруй мянган айл өрх бий. Үүнээс 190 орчим мянга нь сайжруулсан шахмал түлшээр гэр, сууцаа халааж байна.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн 2019 онтой харьцуулахад угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл буурчээ. Тухайлбал 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 онд 350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны эхний есөн сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарын хийн хордлогод өртжээ. Цагийн эргэлтээр дахиад өвөл айсуй.
 
Угаарын хийн хордлогод зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл алдагдсан, яндангийн холбоос засвартай, яндан хөө тортогтой, үнс дүүрсэн, түлш буруу хэрэглэсэн зэрэг шалтгаан голлон нөлөөлдөг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал “Сайжруулсан шахмал түлш хүнийг угаартуулаад байгаа биш. Стандарт алдагдсан зуух пийшин, хөөтэй яндан угаартуулаад байна”  гэж хэллээ.

Албаны хүмүүс иргэд хэнэггүй, хайнга, хариуцлагагүй зангаасаа болж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж буй тухай анхааруулгыг үргэлж мэдээлж буй. Утаатай ч гэсэн түүхий нүүрсээ түлсээр ирсэн Улаанбаатарын оршин суугчдад сайжруулсан шахмал түлш шинэ хэрэглээ байсан. Мөн энэ түлшнээс өөрөөр гэр сууцаа дулаацуулах сонголт үлдээгээгүй учраас шинэ сорилт ч болсон.

Буруугийн шалтгааныг хайхаас илүүтэй ирэх өвлийг хэрхэн эрсдэлгүй давах вэ гэдэг чухал. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэгчдийн анхаарах ёстой, анзаардаггүй байж болох зарим зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Тэвний үзүүр багтах төдий жижиг нүх ч танд аюул учруулж болзошгүй

-Пийшин, зууханд онгорхой, цоорхой нүх байгаа эсэхийг нягтлаарай. Угаарын хий өнгөгүй, үнэргүй хортой бодис юм. Иймд тэвний үзүүр багтах төдий жижиг нүх ч таны амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүйг “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал зөвлөлөө. Тэрбээр “Сайжруулсан шахмал түлш хэрэглэж л байгаа бол зуух, яндан, пийшингийн битүүмжийг маш сайн анхаарах хэрэгтэй” гэлээ. Айл, өрхүүдийн зуух элэгдэж, цоорсон, ханан пийшин цуурсан, залгаасаараа задарсан байж болохгүй. Мөн улиралд 1-2 удаа зуух, пийшин яндангийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

2. Гал унтарсан ч, угаарын хий ялгарсаар байдаг

-Угаарын хийн хордлогод өртсөн гэх дуудлагын 70 хувийг бороо орсон тул яндангаа авч өрхөө бүтээсэнтэй холбоотой байгааг ЦЕГ-ын хүрээлэн буй орчны Хяналтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Батсайхан хэллээ. Иймд гурваас дөрвөн цагийн өмнө галласан, гал зогссон тул яндангаа авдаг. Гэтэл түлш маш удаан шаталттай учраас угаар ялгарсаар байдаг гэдгийг тэрбээр санууллаа. Мөн сайжруулсан түлшээр галлагаа хийсэн бол ямар ч тохиолдолд янданг зуухаас салгаж болохгүй. Стандарт хангасан, бүрэн шаталттай зуух авах нь зүйтэй гэж зөвлөв.

3. Төвөгтэй санагдсан ч бүү унтраагаарай

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж айл бүрт угаар мэдрэгч тараасан. Энэ төхөөрөмж угаарын хийг маш сайн мэдэрдэг ч зарим иргэн “Дуугараад унтуулахгүй юм. Зай нь дууссан” зэрэг шалтгаанаар унтраагаад далд хийчихдэг тохиолдол байдаг аж. Үнэргүй, харагдахгүй угаарын хийг хурдан шуурхай илрүүлж, таны амь насыг хамгаалах тул төвөгтэй санагдсан ч түүнийг бүү унтраагаарай гэж “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс санууллаа.

4. Түлшийг норгож болохгүй

-Сайжруулсан түлшийг зориулалтын агуулахад хадгалах ёстой. Түлшийг цас, бороонд норгосон тохиолдолд шаталт удаан явагдаж угаар их үүснэ. Нүүрс, түлш, мод шатааснаас эс хамаарч дутуу шаталт явагдсан тохиолдолд угаарын хий ялгардаг. Тийм учраас норно гэдэг дутуу шаталт явагдаж угаартах эрсдэлийг бий болгоно гэсэн үг. Тийм учраас ард иргэд түлшээ зөв хадгалах ёстой гэж НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл зөвлөлөө.

5. Сойлтоос татгалзаж, яндангаа хөөлөөрэй

-Ард иргэд уламжлалт зууханд яндангийн сойлт хэрэглэдэг. Үүнийг сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийж байгаа нөхцөлд хэрэглээнээс хасаж, сойлтыг авч, нүхийг битүүлэх хэрэгтэйг албаныхан зөвлөлөө. Мөн яндангаа хөө тортоггүй байлгавал та хэзээ ч угаарт өртөхгүй.

Ахмад настай, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд гээд байшингийн дээвэр дээр гарч чадахгүй хүмүүс олон бий. Энэ хүмүүс 70119400 утсанд дуудлага өгч “Таван толгой түлш” ХХК-ийн яндан хөөлөгчдийн тусламжийг авах боломжтой аж. Мөн яндан гэрийн тооно, байшингийн дээврээс 50 см-ээс дээш байх ёстой.

scroll to top